Монголын авъяаслаг бизнесмэнүүд – Цэдэнгийн ГАРАМЖАВ

Монголын авъяаслаг бизнесмэнүүд – Цэдэнгийн ГАРАМЖАВ

Зовлонг дааж, бэрхшээлийг сөрж чадсан энэ гайхалтай эмэгтэй уул уурхайн хүнд салбарт амжилттай
ажиллаж буй “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
“Би баяжиж хөлжихийн тулд бус зөвхөн амьдрал ахуй­гаа л өөд нь татах гэж мэргэжлийн ажлаа хийж яваа хүн” хэмээн Монголын алт олборлогч томоохон компаниудын нэг “Монполимет” ХХК-ийн захирал хатагтай Ц.Гарамжав даруухнаар өгүүлсэн. Үнэхээр ч түүний нүдэнд алт “алт” болж харагддаггүй. Ердөө л нүүрс, шохойтой адил ашигт малтмал гэж ойлгогддог. Ийм бодолтойдоо ч тэр үү алтаар гоёдоггүй. Бас шунал гээч тамаас холуур өнгөрсөн нэгэн. Түүнийг туулсан амьдрал нь ухаажуулж, үзсэн зовлон нь хатуужуулж, харин ажил нь аз жаргалтай болгодог байх. Хэлд ороогүй шахам эмээтэйгээ үлдээд  хөөрхий эцгээ зовоохгүй гэхдээ хойт эхийн харцыг зөөллөхийн тулд борви бохисхийлгүй ажиллаж байсан тэр хичээл номоо ер орхиогүй юм. Аравдугаар ангиа төгсөөд арын хаалгагүйн улмаас эрчүүдийн шандсыг шалгах геологийн ангийн хуваарь оногдоход тэр гайхаагүй гэдэг. Зах зээлийн бужигнаан эхлэхэд тэрээр зөвхөн ажилтай л байж, амьдрал ахуйгаа залгуулах гэж бизнест эрчүүдийг командлан оржээ. Ажиллаж, тэмцсээр тэр өнөөдөр амжилт олсон. Гэхдээ за­рим алтны компани шиг уулыг тал, талыг там болгож хэдэн арван тонноор нь олборлон хагартлаа баяжсангүй. Олсоноо бусадтайгаа хуваагаад, байгаль эхээ аргадаж мод шуугисан ногоон хөндий болгон сэргээхээр өчүүхэн ч чөлөө завгүй хөдөлмөрлөж байна.

Уул уурхайн салбарт хүч сорьж байгаа болохоор түү­нийг “Төмөр хатагтай” гэж зарим нь боддог ч байдал шал эсрэгээрээ. Амьдрал нь тэгшрэхийн босгон дээр ханиа алдаж гадаа гарч эр, гэрт орж эм болсон тэрээр бие муутай охиноо асрах гээд зав чөлөө гэж үгүй. Тэр хэрээрээ улам өр нимгэн болсоныг ойр дотныхон нь ярих юм билээ. Ц.Гарамжавын туулсан амьдрал хүнд байсан ч өнгөрсөн бүхэнд уучлалтай хандаж чадсан нь түүнийг хэн гэдгийг тодотгох биз.
Түүнд хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулан зүтгэж бүтээсэн бүхэн нь  хамгийн үнэтэй.

Зайсангийн аманд байсан 24-ийн цэцэрлэгээс эмээ­тэйгээ уулзах гээд оргож байсан балчир охин өнөөдөр сэт­гэлийн хат, хөдөлмөрийнхөө үр шимийн хүчээр уул уурхайн салбарт эрчүүдтэй ана мана өрсөлдсөн шилдэг бизнес эрх­лэгч болж чаджээ. Магадгүй гоо сайхны салоноор ч шагайх завгүй хүнд ажил нь түүний зовлон гунигийг нимгэлж, эрч хүч олгодог юм шиг санагддаг. Хоёрын хоёр “өрх”-ийг толгойлж, 400-аад айлын амь амьдралыг үүрч яваа Ц.Гарамжаваас өө хайж оролддог хүн цөөнгүй. Хар санаатнууд түүнийг “Алтан дотоож өмсдөг”, “Дарагддаггүй чөтгөр шулам” гэх зэргээр эрүүл хүний ухаанд  оромгүй зүйлээр ч гүтгэж, до­ромжилж бичиж байсан ч энэ нь туулсан амьдралынх нь бэрхшээлийн хаана ч хүрэхгүй учраас тэр анхаарлаа хандуулж нервтээд байдаггүй. Монголын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг болох “Монполимет”-ийг үүсгэн байгуулагч Гарамжав Цэдэн гэдэг санхүүчийн ууган охин болон мэндэлжээ.

Түүний тухай бичихийн тулд ургийн бичээсийг нь сонирхохоос өөр аргагүй. Аав, ээж хоёр нь Булганы Хан­гал, Халиун, Сайхан сумдын уугуул, өвөг эцэг нь овоо барилдчихдаг мал хөрөнгөөр чинээлэг “Харцага” Дамдин гэдэг хавийн айлуудаа тэжээсэн хүндтэй нэгэн байжээ. Өвөөгийнх нь хоёр ах том лам байснаар хядлагад өртөж, хөрөнгө хогшлыг нь хураасан учраас сүйдсэн аж. Ц.Гарамжавын өвөө эсэргүүнийх гэж адлагдсаар  удалгүй өнгөрсөн гэдэг. Харин эцэг Цэдэн нь багаасаа бичиг үсэг сурсан учраас 17 насандаа Халиун сумын багийн дарга хийж байгаад цэрэгт ирээд сургуульд орж хотын иргэн болсон аж. Ц.Гарамжав хоёрхон настайгаасаа аавтайгаа амьдрах болжээ. Хуруун чинээ өөдөсхөн охин, учраа олохгүй мунгинах залуухан эр хоёрт түшиг болох нэгэн буурай байлаа. Норжмаа эмээ  эцэг, охин хоёрыг аяга цай, халуун хоолоор таслахгүй асран халамжлах болжээ. Эмээ нь түүний сэтгэл зүрхэнд яг л тэр үрчлээстэй, мөнхийн инээмсэглэлтэй хэвээрээ хадгалагдаж үлдсэн нь учиртай. Аав нь залуу хүн учраас насаараа ганц бие хорвоог туулахыг хүссэнгүй. Аавынхаа мотоцикльд сундалдаад тарваганд явдаг байсан, аавтайгаа хамт зуны халуун, өвлийн хүйтэнд ч хоёр сугаа сунатал түлээ хөрөөдөн, тэвхийтэл хураадаг байсан зэрэг дэндүү эртний дурсамж ч зүрх сэтгэлд нь үлдэн хоцорчээ.

Тэдний гэрт шинэ “ээж” ирснээр Ц.Гарамжав охин 24-ийн цэцэрлэгт алба хаахаар болов. Эхэндээ долоо хонуулаад авдаг байсан бол сүүлдээ 14 хонож байж л аав, эмээ хоёртойгоо уулздаг болжээ. Өөдөсхөн охиноо санасан эмээ нь түүнд ойртох санаатай Зайсанд очиж айлд амьдрах болсон гэдэг. Тавхан настай охин эмээгээ хайж олохоор дэргэдэх хүүхдээ дагуулан цэцэрлэгээс оргож байсан түүх­тэй. Гайхалтай явдал болж өглөө оргосон охин шөнө дунд эмээгээ олоод очиход багш нар нь хүлээж байжээ. Одоо бодоход бяцхан охин “хайр, энхрийлэл” эрж л оргосон өрөв­дөм дүр зураг харагдана.

Тэрээр 1966 онд 4-р бага сургуульд орж “онц” суралцсан учраас нэг анги алгассан гэдэг.  5-р ангиасаа 33-р сургуульд шилжин суралцах болжээ. 17 нас хүртэл нь цуг байсан эмээ нь түүнд ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэл, өр нимгэн ууч сэтгэлийг суулгаж, ажилсаг нямбай байдал, хүний ая эвийг олох занд өөрийн эрхгүй хэвшүүлсэн аж. “Онц” сурлагатан Ц.Гарамжавын өрсөлдөгч нь Гэрэлмаа гэж охин. Түүнээс нэг л зүйлээр дутуу байснаа тэр өдгөө ингэж ярьсан юм. Өссөн орчин нь Гарамжавыг бүрэг ноомой болгосон учраас хүүхдүүдтэй инээж хөгжилдөх, наад зах нь үеийнхээ хөв­гүүдтэй үг солих ч зүрхгүй байсан гэдэг. 10-р ангиа “онц” төгссөн Ц.Гарамжавт ЗХУ-ын Үнэт металлын инженерийн хуваарь оногдсоноор уралдаант шалгалтанд орсон боловч оноо дутсан гэснээр  МУИС-ийн Инженер геологийн  анги дээр буулаа. Ингэж  оюутан болов. Эмэгтэй хүүхэд учраас болж өгвөл ангиа сольчих санаатай байсан боловч сүүлдээ мэргэжилдээ сонирхолтой болсноор  сургуулиа амжилттай төгсчээ. Тэрээр Улсын барилгын зургийн төв институтын /УБЗТИ/ Геологийн товчоонд лаборантаар ажилд орж удалгүй математикийн багшийн мэргэжилтэй Нармандах гэдэг  залуутай ханилж хоёр охиноо төрүүлжээ.. Тэр үеийн залуу гэр бүлүүдэд тохиолддог том бэрхшээл бол орон байрны зовлон.

Тэд бусдын жишгээр халаасны өрөө дамжиж сүүлдээ дунд сургуулийн хичээлийн байрны хажуу өрөөнд орсоноор зах зээлтэй золгосон гэдэг. Сайн аавын хүчээр гачигдахын зовлонгүй  байсан бол өөрөө амьдрал зохиосноор мөнгийг хэрхэн олох, зарцуулах ухаанд суралцаж эхэлсэнээ тэр ярих дуртай. Гурван жил мөнгө хурааж байж 1100 төгрөгөөр хөргөгч  авч бөөн баяр болж байсан гээд ерөнхийдөө л тэр үеийн нэгэн хэвшмэл дүр зураг харагдана. Гэрийн эзэг­тэй болсон ч тэр ажилдаа хандах анхаарлаа өчүүхэн ч сулруулалгүй, харин ч Оросоос Монголд ажиллаж байсан олон мэргэжилтэн, зөвлөх инженерүүдээс суралцаж, нөхөр­лөж ажилласнаар богинохон хугацаанд ахлах лаборант, техникч, шалгагч инженер, лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан болж гуравхан жилийн дараа буюу 1983 онд Москвагийн их сургуульд явж суралцаад “Хөрс судлаач”-аар мэргэшиж, диплом өвөртлөв. Тэрээр Москва­гийн их сургуульд суралцсанаараа өөрийгөө хөгжүүлж, нүдээ нээсэн гэж үздэг. Ц.Гарамжавыг ингэж хурдан дэвшиж, ЗХУ-д мэргэжил дээшлүүлэхэд зарим нэгэн барьцаж, атаархах гээд юм юм болж байсан ч тэр ач холбогдол өгдөггүй байсан нь улам хөгжихийн эх үндэс болжээ. Мөн 1994 онд Итали улсын Ром хотод  Ашигт малтмалын олон улсын гэрээ эрхийн мэргэжилтнээр мэргэшин суралцжээ.

Түүнийг 17 настайд хайрт эмээ нь бурхан болсон бол аав нь 1990 онд нас барсанаар өмөг түшиг нь нурсан. Гэвч сайхан ханьтайн буянаар тэр зовлон гунигийг дааж өнгө­рүүлсэн аж. Зах зээлийн бужигнаан эхлэж УБЗТИ задарлаа. Институт дотроо арван хэдэн пүүс болж задрах нь тэр. Тэд­ний лаборатори ч гэсэн Хөрс судлалын пүүс болж биеэ даалаа. Тэр цаг бол 1988 оны сүүлч, 1989 оны эхэн үе. Харин 1991 оноос пүүс гэхээ болиод хоршоолол, 1992 оноос компани болон хувирав.

Хамт олон нь Ц.Гарамжавыг эхнээсээ л захирлаар сонгосон нь нэгийг хэлэх байх. Компанидаа “Мөнхмандах” гэсэн билэгдэлтэй нэр өгч зах зээлд “шалгалт” өгөхөөр боллоо. Бизнесээ худалдаа, геологийн шинжилгээ судалгаа, хайгуулын чиглэлээр хэмээн тодорхойлсон боловч компаниа хэрхэн санхүүжүүлж явах вэ гэсэн асуудал  Ц.Гарамжав захиралд хүндхэн сорилт болсон аж. Компанийн зорилго геологийн хайгуулын ажил боловч улс орны эдийн засаг уналтын байдалд орсон учраас үндсэн чиглэлээ хэсэг хуга­цаанд орхихоос өөр аргагүйд хүрчээ. Хүмүүсийнхээ цалинг тавихын тулд арга буюу наймаанд орох нь тэр. Тэд өөрсдийн гараар халбага, сэрээнээс эхлээд хөнгөн цагаан цуглуулан ганц машиныг урагшаа гаргах жишээтэй. Яаж зээл авахаа ч мэдэхгүй болохоор өөрсдөө цуглуулсан нь тэр.

Гурил, будаа нүдний гэм болж, картанд орчихсон учраас хөнгөн цагааныхаа оронд хүнс авч ирж зарна. Энэ нь сүүл рүүгээ нэмэгдсэн ч цалин тавихаас хэтрэхгүй. Ком­панид арваад хүн сэтгэл нэгдэн ажиллаж байлаа. Харин дөр­вөн хүн хувь нийлүүлээд компаниа хувийн болгожээ. Мөнгө нийлүүлж, хувь хүнээс зээлж, дараа тооцоогоор  хөнгөн цагаан авдаг байсан нь хоёр машинтай болгосон ч гэлээ дөнгөж л гол зогоож байсан гэдэг. Сүүлдээ зээл авч бизнес хийдэг гэдгийг ухааран ХОТШ банкинд хандсан боловч бүт­сэнгүй. Ингэж зээл хөөцөлдсөөр 1993 онд Баянзүрх дүүргийн “Найрамдал” банкнаас 10 саяын зээл авсанаар байдал шал өөр болох нь тэр. Хятадаас электрон бараа зөөж Орос руу гаргаж, Оросоос чихэр, жимс зөөх зэргээр бизнес эрхэлж зээлээ төлж сурав. Ингэснээр мөнгө нь өсч, бага боловч ирээдүй харагдлаа. Компаниа өөрчлөн байгуулж 1994 онд “Монполимет” болгон өөрчилжээ. Уг нэр нь үндсэн мэр­гэжлийнхээ ажил, чиглэл зорилгоо сануулсан үг юм. Энэ маягаар наймаа хийсээр 1995 он гэхэд 70-аад сая төгрөгтэй болж дөнгөв. Олон жил халаасны өрөө хэссэнийхээ хувиар хоёр өрөө байртай болж, амьдрал ахуйгаа өөд нь татаад “Одоо л нэг жаргах нь уу” гэтэл авааль нөхөр нь нас бар­санаар өрх толгойлох давхар үүрэг ноогдлоо.

Бага охин нь бие муутай, том охин нь дунд сургуульд. Ийм л нэгэн хүндхэн дүр зураг таны санаанд бууж байгаа биз. Ямар сайндаа л зовлонгийн эргүүлгээс нэгнийгээ ч гэсэн гаргахын тулд 14-н настай балчир охиноо америк багшид нь даатгаад АНУ руу сургуульд явуулсан байдаг. Энэ бол ёстой эх хүний аргаа барсан үйлдэл байлаа. Өдөржин ажиллаад орой нь ирж охиноо асрана. Хол явуулсан ууган охин руугаа хааяа ярьж бага ч болов санаагаа амраана. Энэ үеэр уул уурхай сэргэх хандлага ажиглагдсан учраас 1995 оноос Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэлээд хүндхэн газар хайгуул хийж эхэлжээ. Энэ нь алдаа байлаа. Судлагдсан ордууд байсаар атал хэл амгүй гээд тийшээгээ зүглэснээр хуримтлуулсан мөнгөө үрээд л зогссон түүхтэй. Бага зэрэг металл олдсон боловч олборлолт явуулах ямар ч нөхцөл, бололцоогүй байсан учраас мөнгөө дуусгаад л орхив. Ин­гэж алдаж байсан ч гэсэн их туршлага хуримтлуулж, яаж хөрөнгө оруулалт олох, цаашид компаниа хэрхэн хөгжүүлэх талаар өдөр шөнөгүй төлөвлөн боловсруулж, эдийн засгийн тооцоог хэдэн арваар нь хийдэг байжээ.

Хамгийн гол нь “Мөнгө хаанаас босгох вэ?” гэсэн “хайгуул” хийх болсон нь нүдээ олсон хэрэг байлаа. 1996 онд Заамарт олборлолт явуулж байсан “Эрдэс” гэдэг улсын үйлдвэрийн газар их хэмжээний нөөцтэй атлаа ашиг­лаж дийлэхгүй байгаа нь анхаарал татжээ. “Эрдэс”-ээс бага хэмжээний газар түрээсэлж, олборлосон алтаа өгч ялим­гүй ашиг олох болов. “Энэ  зөв сонголт болсон” гэж өдгөө Ц.Гарамжав захирал ярьдаг нь ортой. Банкнаас зээл аваад техник түрээсэлж, ажилчин элсүүлснээр олборлолт явуу­лахад дөхөж очив. Тэр үед чөлөөтэй байсан Р.Гаваа генералд хамтран ажиллах санал тавьж уурхайнхаа даргаар авч  Батлан хамгаалах яамнаас нуувч ухдаг техникүүдийг мөн л түрээслэн ажиллаж үзжээ. Уулын ажлыг цэргийн техник барсангүй. Ямар сайндаа л “Монпулемёт”-ынхон гэсэн хоч хүртэж байхав. Энэ нь ядмагхан арга байв. Тэр үед дизель түлш, цахилгааны үнэ хямд, цалин бага учраас зардал бага гардаг байлаа. “Бид сайн техниктэй болох хэрэгтэй” гэсэн хатуу зорилтыг тавьжээ. Ингэж байтал Монголд уул уурхай хөгжиж байгаа сургаар “САТ”, “Komatsu”-гийн хүчирхэг техникүүд орж ирлээ. Дээрх компаниуд алт олборлогчдын ажилтай газар дээр нь танилцсанаар “Монполимет”-д ли­зингээр техникээ өгөхөөр болов. Ингэж АНУ-ын “САТ”-аас  12 ширхэг хүчирхэг эксковатор, бульдозеруудыг удаан хуга­цааны лизингийн зээлээр авч техниктэй болжээ.

“Эрдэс”-ийг тав хувааж хувьчилсанаар “Монполимет”-д нэг тонн нөөцтэй хэсэг оногдох нь тэр. Энэ бүхний үр дүн дороо л гарч 1997 онд 100 кг алт олборлож чадсан юм. Ту­хайн үедээ тэрээр Заамарт сүсэглэж амьдрах нь өлзийтэй гэдгийг ойлгосон ажээ. Ц.Гарамжав хэдийгээр эрчүүдтэй ана мана өрсөлдөн уул уурхайн салбарт бүсгүйчүүлээс бараг ганцаархнаа зүтгэдэг ч эмэгтэй хүн учраас нулимс унагах тохиолдол цөөнгүй гардаг. 1998 онд “Komatsu”-гаас хоёр сая долларын техник лизингээр авчихаад зээлээ төлж чадалгүй орд газар, техникүүдээ алдаж өөрийн эрхгүй нулимс унагаж байжээ. Магадгүй эр хүн байсан бол хөмсөг зангидаад л өнгөрөх байсан биз.

Тэрээр  уйгагүй хөдөлмөрлөөд байвал тэнгэр бурхан хэзээ нэгэн цагт харж үзнэ гэдэгт итгэдэг. Тэнгэр бурхан ч түүнд тун удалгүй “элч”-ээ илгээсэн билээ. Тэдний ойролцоох Тосонгийн ордыг тендерээр авсан Арманд гэгч канад өвгөн таван сая долларын хөрөнгө оруулсан боловч удирдлаганд нь ажиллаж байсан монголчууд хулхидаж, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсанаар алдагдалд ороод байжээ. Арманд үе үехэн “Монполимет”-ийн уурхай дээр ирж хараад л зогсчихно. Нэгэн удаа сайхь өвгөн ам нээж “Та нар сайн ажиллаж байна. Манай орд газарт олборлолт явуулаад 60 хувийг нь авцгаа. Надад 40 хувь л хангалттай” гэсэн санал тавих нь тэр. Уг саналыг дотроо нэлээд ярилцсаны эцэст хүлээж авахаар болж хамтран ажиллах гэрээгээ хийжээ. Харамсалтай явдал болж мөнөөхөн Арманд өвөө төдөлгүй нас барав. Монголчуудад мөнгөө луйвардуулсан золгүй өвгөн сэтгэлээр унаж, их ганцаардаж байсан нь ийм байдалд хүргэх шалтгаан болсон бололтой. Арманд гуайг өнгөрсний дараагаар хамт ажиллаж байсан хүмүүс нь “Монполимет”-ийг хөөж, бараг л “Бид өв залгамжлагч” хэмээн шүүхдсэн боловч өөрсдөө бурууджээ.

Тэр үед “Монполимет” шинэ техник, технологи аваад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн  байлаа. Нэн ялангуяа гу­рав, дөрвөн давхар байшин шиг том, усан дотор явдаг Драг хүртэл захиалсан байв. Захын нэгэн канад эр л 10-аад тоннын нөөцтэй орд эзэмшиж байхад үндэсний компаниуд гадныхнаас газар түрээслэж байсан нь үнэхээр гутамшигтай хэрэг гэж үзэж болно. “Хаа очиж Арманд гуай сайхан сэтгэлтэй хүн байсан” гэж Ц.Гарамжав дурсах юм билээ. Мэдээж хэ­рэг томхон ордтой болсон учраас Ц.Гарамжавын хувьд үйлдвэр барих их хэмжээний хөрөнгө оруулагч хайх ажилд орлоо. Японы “Иточу” корпорациар дамжуулан хөрөнгө оруулагч олсоноор “Тосон алт” гэдэг компани байгуулж, хоёр ч драг барих ажилд оров. Драг гэдэг нь бүх ажлаа гүйцэтгэдэг гурав, дөрвөн давхар байшингийн хэмжээтэй усанд хөвөгч техник гэж хар ухаанаар ойлгож болно. Энэ бол монгол хүний менежментээр анх удаа баригдсан, шинэчилсэн технологитой драгийн үйлдвэрүүд байлаа. Драгийн үйлдвэрийг барихад ОХУ-ын Генэнергомонтаж, Енисейзолотоавтоматика зэрэг хүнд үйлдвэрүүд, угсралт монтажны компаниудтай хамтран амжилттай ажиллажээ.. Уул уурхайн салбарт монгол хүн шинэ технологитой драгийн үйлдвэрийг амжилттай удирдан барьж байгуулсныг үнэлэн түүнд оросууд “ОХУ-ын уул уурхайн тэргүүний ажилтан” цол, тэмдэг олгосон аж.

Худалдааны салбараа тийм ч их өргөжүүлж чадсангүй. Yнэхээр мэргэжил дутсан гэдэг. Харин 2004 оноос барилгын салбарт бизнес эрхлэхээр шийдэж Хятадтай хамтарсан компани байгуулсан боловч түншүүд нь итгэл алдсанаар дан­гаараа ажиллахаар шийдсэн байна. Хятадууд аль болохоор хямд өртөгтэй материалаар хийхийг зорьж, Европын стандартад нийцсэн барилга босгож чадахгүй нь тодорхой болжээ. Мөн сантехникийн ажлыг хятадууд нутагтаа ч гэсэн муухан хийдгийг олж мэдсэн аж.  Удалгүй түүний удирдсан барилгын “Нар-Урт” компани нь 40 мянгатад 96 айлын сууц барьсан нь өндөр чанартайд тооцогдож  2006 оны шилдэг 10 барилгын нэгээр шалгарчээ. Ер нь тэрээр ямар ч ажлыг нэг­дүгээрт  яс чанартай, хоёрдугаарт чин сэтгэлээсээ  хийхийг зорьдог нэгэн ажээ. “Монполимет” компани байгуулагдсан цагаасаа хойш улсад 15 гаруй тэрбум төгрөгний татвар төлсөн нь багадах үзүүлэлт биш. Тэр олон сая долларын зээл авсан болохоор ашиг, орлогоосоо одоо ч гэсэн төлсөөр байгаа. Тэрээр “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр сувьдаг сэтгэл өвөртлөн олон арван орд газрын лиценз цуглуулсангүй.

“Шунал ихэдвэл шулам болно” гэдэг үгийг өөр­төө болоод хамтран ажиллагсаддаа байнга сануулж байдаг. Хамтран ажиллагсад нь өдгөө амьдрал ахуйгаа өөд нь татаж, орон гэрээ байгуулан, санхүүгээ бүрэн шийдэж чадсанд тэр сэтгэл тэнүүн явдаг. Түүнд цөхрөх үе олон тохиолдож байсан. Даанч уул уурхайн салбар түүний мэргэжил учраас орхиж чадаагүй. Тэгэхлээр тэр ашиг олж, баяжих гэж алт олборлоогүй нь харагдаж байна.

Ц.Гарамжав гарын арван хуруунд багтамгүй  олон ах, дүүтэй. Өөрийгөө тэдэндээ туслах ёстой гэж боддог. Ёстой л “Эвтэй байхдаа хүчтэй” гэгчээр тэр өдий дайны амжилт гаргаж байж энэ олон айл өрхийн амьдрал ахуйг өөд нь татаж яваа гэж болно. Гэхдээ зүгээр сууж байхад нь мөнгө өгөхийг тэр тэвчдэггүй. Зүгээр олдсон юмыг хүн хайр гамтай зарцуулдаггүй гэж боддогоос тэр.

Энэ бүхнийг бий болгох гэж тэр олон ч удаа “УАЗ-469” машинаар шөнө хөдөө хээр явж замаа хороон өдөр нь ажлаа хийж явдаг байсан.. Дашрамд сонирхуулахад тэр техникт үнэхээр дуртай болжээ. Цаг ямагт хүчирхэг тех­никтэй харьцсан нь сувдан цагаан өнгөтэй “Infinitу”, “Лэнд Круизер” зэрэг их гарын хүчирхэг жийпүүд хөлөглөдөг бол­госон байх.

Зарим нэгэн сувьдаг сэтгэлтэй, увайгүй хүмүүс түүнийг бүсгүй гэдгээр нь элэг барьж, завших оролдлого хийх нь бий. Ц.Гарамжав шударга бус явдлын эсрэг шүүхээр тэмцээд ч алт ухаж баяжсан төрийн өндөр дээд албан тушаалтны өмнө хүчин мөхөсдсөн удаатай. Заамарт “Монполимет”-ийн ойролцоо алтыг тонн, тонноор олборлодог томоохон компани нөөцөө дууссан учраас нэгэн боломжийн санал тавьжээ. Тэр үеэр Ц.Гарамжав болон түүний нөхөд Тосонгийн уурхайдаа мөнгө олох гээд тавхайгаа эргэтэл гүйж байсан цаг. Эзэн нь хожмоо нам байгуулж парламентад суух болсон тус ком­панийнхан нөөцөө шавхчихаад “Та нар хорин хэдэн сая дол­лар эрээд яах юм? Ерөөсөө манай техникийг хүмүүстэй нь ав” гэж хэлэх нь тэр. Энэ санал дараагийн ажилтай золготол хүнээ ажилтай байлгаж, эвдэрсэн техникээ засуулж авах санаа байсныг Ц.Гарамжав огтхон ч гадарласангүй. Бодож бодож уг саналыг хүлээн авч худалдааны гэрээ хийв. Урьдчилгаа болох их хэмжээний мөнгийг банкнаас зээл авч төлснөөр техник, хүн хүч нь “Монполимет”-ийнх болж хувирлаа. Ажилд гарах гэтэл техник нь ажилладаггүй гэнэ. Ихэнх нь ашиглалтын хугацаа нь дуусч эвдэрсэн техник байх нь тэр. Ингээд Японоос өндөр үнэтэй сэлбэг захиалан авч засварлаж эхэллээ. Тавдугаар сард авсан техникүүдээ их хэмжээний мөнгө заран зассаар есдүгээр сард ажилд гаргаад байтал нөгөө худалдсан компанийнхан техникүүдээ буцаагаад булаагаад авчихсан гэдэг. Тэр хар өдөр бол 2001 оны 09-р сарын 30-н байлаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө террористууд Нью-Йоркийн ихэр цамхагийг сүйтгэсэн билээ. “Монполимет” ч мөн “террорист” халдлагад ингэж өртжээ.

Урьдчилгаа мөнгө болгож хоёр сая долларын зээл банкнаас аваад төлчихсөн, тэгээд ч олон зуун саяын үнэтэй сэлбэг тавьчихсан байхад л улаан цайм булааж аваад сохор зоос ч өгөлгүй орхилоо. Тэр үеэр Ц.Гарамжавын ойр дотных нь хүн нас барж уй гашуутай байхад дээрэмдүүлсэн нь бүр ч хүнд цохилт болов. Ц.Гарамжав худалдааны гэрээ байгаа, тэ­гээд ч хоёр сая доллар урьдчилаад төлчихсөн учраас учрыг нь олоод, хужрыг нь тунгаагаад өгөх байх хэмээн шүүхэд ханджээ. Харамсалтай нь тэр эрх мэдэл, хөрөнгө чинээтэй эрхэмд Монголын шүүх үйлчилж, бүсгүй хүнийг элэг барилаа. 2001-ээс 2005 он хүртэл шүүхдэлцсээр эцсийн шийдвэр гарахад шүүхээс “Танайх техник түрээсэлсэн юм байна. Хоёр сая доллар чинь түрээсэндээ таарсан. Харин ч та нар нэмж 100 сая төгрөг төлөх ёстой” гэсэн шийдвэр гардаад ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болжээ. Ингэж тэр Монголын өнөөгийн шүүх гэдэг  хэн нэгэн хүнд худалдагдаж, шударгаар явсан ардыг хэрхэн хохироодгийн үлгэр жишээг ойлгожээ. Гэвч тэр цөхөрч сэтгэлээр унасангүй. Энэ явдлаас амьдралын бас нэг их сургуульд суралцаж, энэ их алдагдлыг ердийнхөөсөө хэд дахин ухаан, хөдөлмөр зарцуулж байж зөвхөн өөрөө л нөхөн засахаас өөр замгүй гэдгийг хатуу ойлгосон гэдэг.  Үүнээс болж өр нь нэмэгдэж хүнд байдалд орсон. Их ч бодож, их ч ажилласны үр дүнд дампуурлын хүнд байдлаас компаниа гаргаж  чадсан билээ. Одоо нэгэнт алдагдлаас гарсан болохоор дээрх луйварчдыг тэр уучилсан. “Хэзээ нэгэн цагт тэд надаас уучлалт гуйна гэдэгт итгэдэг” хэмээн Ц.Гарамжав хатагтай ам алдсан удаа­тай. Тэгэхлээр тэр, хүний дандаа сайн сайхан, гэрэл гэгээг олж харахыг хүсдэг байх. Тиймдээ ч “Санаа зөв бол заяа зөв”  гэж хамт олондоо, үр хүүхдүүддээ сургадаг.

Тэр өөрийгөө эмэгтэй хүн гэдгээрээ сул дорой гэж огт­хон ч боддоггүй. Хэрвээ тэр өөрийгөө эр хүн байсан бол энэ их зовлонг тэвчиж чадалгүй архи дарсанд автаж, үр хүүхдээ зовоох байсан ч байж магадгүй  гэж ярьдаг. Иймэрхүү нүцгэн үнэнийг эрчүүд бид үгүйсгэж чадахгүй нь. Ц.Гарамжав уул уурхайн мэргэжлийн хүн, нөгөөтэйгүүр эмээгээсээ сүсэг бишрэл, байгаль дэлхийгээ хайрлах ухаан олсон болохоор нөхөн сэргээлтийг технологийн зөв горимоор хийж, унаган төрхийг нь сэргээх талаар их ажил хийж байна. Үүнийг улсаас анхаарч “Шилдэг нөхөн сэргээгч компани”-аар гурван жил дараалан тодруулжээ. Түүний амжилт олсон гол хүчин зүйл нь зовлон даах сэтгэлийн тэнхээ, амьдралын төлөө зо­рилготой тэмцэж чадсаных  болов уу.

Тэр гоо сайхнаар ч орох завгүй явдаг. Тэрээр алтыг “алт” болгож хардаггүй. Энэ бүхэн түүнийг шунаг сэтгэл буюу нүглээс авардаг гэж сүсэгтэй эмээгийн эрх ач Ц.Гарамжав ярьсан удаатай. Мөнгийг зөвхөн хэрэглээ гэж боддог энэ хатагтайн хэрэглээ бусад эмэгтэйчүүдийнхийг бодвол хавьгүй бага. Түүний гоёл бол ажил мэргэжил нь гэж ойлгож болох талтай. Мэргэжлийн бус салбарт бизнес эрхлэхээсээ “эмээдэг” энэ бүсгүй 400 гаруй хүнийг ар гэр, амьдралтай нь нуруундаа үүрч явна. Амьдралын хүндэд хатуужиж, хүнд үйлдвэрийн салбарт зүтгэдэг түүнийг ха­туу чанга, хашгичиж гуагачсан нэгэн хэмээн бодвол та эндүүрчээ. Харин ч тэр зовлон үзсээр бүр эсрэгээрээ өр зөөлөн хүн болж төлөвшжээ.

“Хүн хүнээрээ байх”-ыг шаардаж ажилладаг энэ эмэг­тэй хүнийг уучилж чаддаг байхыг бусдаас хүсдэг. Мөн зөөлөн нялцгай, сул дорой, арчаагүй эрчүүдийг үзэн яддагаа ч нуудаггүй. Ер нь түүний амьдралд бусдаас нуугаад байх луйвар,худал хуурмаг зүйл байдаггүй болохоор сэтгэл хангалуун явдаг гэнэ. Түүний бас нэгэн бахархал бол ажилч­дынхаа амьдрал ахуйг дээшилж байгааг харах явдал аж. “Би” гэж ярихаас татгалздаг энэ эмэгтэй бурхан байдаг гэдэгт гуравхан настайгаасаа итгэдэг болжээ.

1994-1995 онуудад АНУ-ын ИНМЕХ сургалтын төвтэй хамтран оюутан сурагч солилцооны программд 16-18 нас­ны анхны 28 охид хөвгүүдийг суралцуулахаар явуулсан бай­на. Өнөөдөр тэдгээр залуус бүгд өндөр боловсрол эзэмшин сайн явцгааж  байгаад нь тэр хамгийн баяртай явдаг.

Тэрээр эмэгтэй жүдо, самбогийн бөхчүүдийг олон жил дэмжсэн,  Заамар сумын төвийн барилга байгууламжуудын дулаан хангамжийг засч сайжруулсан, Дашинчилэн суманд бага сургууль барихад нь туслаж, орон нутгийн иргэдэд амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд нь хүнсний ногоо тариалах, малжуулах, сааль сүү боловсруулах, эсгий хийх, хайрга чулуу ашиглан хавтан үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, одоо 700-аад хүүхэдтэй Заамарын дунд сургуулийн хичээлийн болоод дотуур байрыг засварлаж байгаа ажээ.

Ц.Гарамжав “Хүнд өгөх хамгийн том бэлэг бол итгэл” гэж ярьдаг нь ажилчдаа сайтар ойлгож чадсаных. Яагаад ч юм уншигч танд Ц.Гарамжавыг магтаад байгаа юм шиг санагдах байх. Магтаж, бахархахаас аргагүй хүн ховороос л тэр шүү дээ. Тэр зовлон, гуниг, саад бэрхшээлийн өмнө сөхрөх бус сөрж амьдарсан нь гайхалтай. Зовлон түүнийг ухаажуулж, хат суулгаж, ажил хөдөлмөр жаргалтай болго­жээ. Харин тэр ажилгүй гэртээ сууж, дэлгүүр хэсч, хов жив ярьсан “жинхэнэ эмэгтэйлэг” төрхөндөө орвол зовлонтой нэгэн болж хувирна. Түүнийг “Муухан эр хүнээс дээр” гэж хэлмээргүй санагдана. Харин “Тэр бүх хүнээс дээр” гэсэн мунхагдуу атлаа сэтгэлээсээ хэлсэн тодорхойлолт илүү нийцэх болов уу.
Ж.Батсүх, О.Чинзориг
Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээлэл

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦАГ ҮЕ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ, НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТӨД УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦАГ ҮЕ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ, НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТӨД УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Уул уурхайн салбарын өсөлт авчирхын хирээр засаглал, Үндсэн хуульд томоохон сорил бий болгож байна. Парламентын засаглалтай орнууд баялгийн...

Нийтэлсэн

Leave a Reply